"13 тойргоос хамгийн их санал авсан 78 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. 48 нь нам, эвслийн жагсаалтаар орно"

175

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хэрэглэх холимог тогтолцооны талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) -гийн судлаачид дэлхийн улсуудын сонгуулийн тогтолцоог олонхын, хувь тэнцүүлэх, холимог болон бусад гэж ангилдаг. Тогтолцоо болгонд сул болон давуу тал бий. Тиймээс улс орнууд өөрийн онцлогт тохируулан сонгож хэрэглэдэг.
Манай улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг найман удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан юм. Тиймээс ч энэ нь бидэнд ойр, сайн мэддэг тогтолцоо юм.
Мажоритар буюу олонхын тогтолцооны сайн тал нь энгийн, ойлгомжтой, өөрийн төлөөллийг шууд сонгох боломжтой гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл сонгогч нэр дэвшигчид санал өгч, хэн хамгийн олон хүний дэмжлэг авсан нь ялдаг. Сул тал нь бусад нэр дэвшигчийг дэмжсэн олон санал гээгддэг. Энэ нь залуучуудын сонгуулийн оролцоонд нөлөөлөх ч талтай.
Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд өрсөлдөж буй нам, эвсэл сонгогчдоос ямар хэмжээний дэмжлэг авна тэр хэрээр УИХ-ын суудлыг тухайн нам, эвсэлд олгодог. Сонгогчдын санал гээгддэггүй, намуудын төлөвшилд сайн нөлөөтэй гэж хэлж болно. Харин холимог тогтолцоог энгийнээр тайлбарлавал олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан хэрэглэж буй хэлбэр юм. 
-2012 онд холимог тогтолцоог ямар байдлаар хэрэглэсэн талаар?
-Тус сонгуулиар 28 гишүүнийг хувь тэнцүүлсэн, 48 гишүүнийг олонхын тогтолцоогоор олон мандаттай, томсгосон 26 тойргоос сонгосон. Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд улс нэг тойрог болдог бөгөөд сонгогч дэмжихийг хүссэн нам, эвслийнхээ төлөө санал өгч, таван хувийн босго давсанд нь суудал хуваарилсан юм.
Энэ удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. 2012 оныхоос ялгаатай нь гишүүдийн тоо нэмэгдсэн, тойргийг анх удаа бүсчилсэн байдлаар тогтоосон.
78 гишүүнийг 13 тойргоос тухайн тойрог тус бүрийн мандатын тоотой тэнцүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно.
Харин 48 гишүүн нь нам, эвслийн жагсаалтаар сонгогдох бөгөөд тодорхой шалгуур хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлалын дагуу суудал хуваарилна.
-Пропорционал хэсэгт нэр дэвшсэн нам, эвсэлд суудал хуваарилахад ямар шалгуур тавих вэ? 
-Үндсэндээ хоёр шалгуур тавина.
Нэгдүгээрт, тухайн нам, эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 39 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийг 13 тойрогт нэр дэвшүүлэх ёстой.
Хоёрдугаарт, санал хураалтаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан намд суудал хуваарилна. Ингэхдээ хоёр нам бүхий эвсэл тав, гурван намтай бол долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байхыг шаардах юм.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаан, дээрх шаардлагыг хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлал буюу их үлдэгдлийн зарчмаар 48 суудлыг хуваарилна. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн хуваарилсан суудлын тоотой тэнцүү нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох юм.
-Сонгогчид санал өгөхдөө юуг анхаарах вэ?
-Санал хураалтын өдөр нь зургаадугаар сарын 28. Энэ өдөр 07:00-22:00 цаг хүртэл саналаа өгнө гэсэн үг.
Сонгогч нь үндсэн хаягийнхаа дагуу сонгуулийн хэсгийн санал авах байранд иргэний үнэмлэхээ авч очиж санал өгнө. Ингэхдээ дээр ярьсанчлан хоёр төрлийн санал өгнө гэдгээ анхаарах ёстой.
Эхний хэсэгт тухайн тойрогт нэг дэвшиж нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дэмжиж санал өгнө гэсэн үг.
Хоёр дахь хэсэгт нь дэмжихийг хүссэн нэг нам, эсвэл эвсэлд саналаа өгнө. Нууцлалаа хангах үүднээс санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглэж, зориулалтын хавтас хэрэглэн төхөөрөмжид уншуулна. 
 
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn