НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл “Талибан”-ы бодлогыг шүүмжилжээ

48


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистан дахь охид, эмэгтэйчүүдийг чиглэсэн “Талибан” хөдөлгөөний засгийн газрын бодлогыг шүүмжилжээ. Талибууд эмэгтэйчүүдийг их сургуульд суралцах, төрийн бус байгууллагуудад ажиллахыг хориглох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргаад байгаа юм. Харин 15 гишүүнтэй Аюулгүйн Зөвлөл эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хязгаарлах явдал нэмэгдэж байгаад “ихэд түгшиж” байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ, талибуудын сүүлд гаргасан шийдвэрүүдийг “хүний эрхийг зөрчсөн үйлдэл” хэмээн тодорхойлоод, “хүчингүй болгох ёстой” гэж мэдэгджээ. Аюулгүйн Зөвлөл Афганистаны охид, эмэгтэйчүүдийн “бүрэн, тэгш оролцоог хангахыг”, мөн “сургуулиудыг нээж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хязгаарлаж буй бодлого шийдвэрээ цуцлахыг” талибуудад уриалсан байна.

“Хүмүүнлэгийн эмэгтэй ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэхийг хориглосон нь тус улс дахь хүмүүнлэгийн ажиллагаанд шууд нөлөөлнө” гэж Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. “Талибан”-ы засгийн газар эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагуудад ажиллахыг хориглосноос хойш таван томоохон байгууллага Афганистан дахь үйл ажиллагаагаа зогсооход хүрсний дунд “Care International”,“Save the Children” багтаж байна. Үүнээс гадна, нийслэл Кабул хотод өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал оролцсон таван эмэгтэйг баривчилжээ. Мөн гурван сэтгүүлч баривчлагдсан байна. “Талибан” өнгөрсөн онд засгийн эрхийг авсныхаа дараа урьдынхтайгаа харьцуулахад аядуу бодлого баримтлахаа амлаад байсан боловч эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг улам хязгаарласаар байна. Өнгөрсөн сард талибууд эмэгтэйчүүдийг нийслэл хотын соёл амралтын хүрээлэн, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэхийг хоригложээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn