Төгс байх зовлон

275

Эмэгтэй хүн заавал гоолиг, туранхай биетэй, өндөр хамар, гил хар гэзэгтэй байх ёстой юу. Орчин үед охид бүсгүйчүүд төгсийн тухай төгс биш энэ мэт ойлголтод хайрцаглагдан хөөрхөн бас туранхай байх гэж цаг зав, эрүүл мэнд, сэтгэл зүйгээ гэмтээж байна. Охид бүр багаасаа тэгш хөл, шаргал гэзэг, алаг нүдтэй барбигаар төгс төгөлдөрийг төсөөлж, өөрөөсөө өө эрж, бусадтай харьцуулж эхэлдэг. Энэ цагаас тэд бүсгүй ааль бүрэлдэж, бүрэн бүтэн эмэгтэй хүн болтлоо өөртөө дэндүү хатуу ханддаг. Үүнд нийгмээс ирэх дарамт хамгийн ихээр нөлөөлдөг. Гэвч төгс байх нь төгсгөлгүй үргэлжилдэг хар нүх гэлтэй.
Тоонд үлдсэн үнэ цэнэ
Дэлхийн хаана ч, хэн ч эмэгтэйчүүдийн биеийн жин, галбирт стандарт тогтоогоогүй.  Гэвч ихэнх охид үргэлж турах, галбиржих хүсэл тээдэг нь үнэн. Туранхай л байх юм бол өөрийн үнэ цэнэ, үнэлэмж дээшилнэ хэмээн бодох нь бий. Тэд өглөө сэрээд л толины урд эргэлдэж, жин дээр зогсож, хэмжүүр дээр гарч буй тоонд өөрийн үнэ цэнээ даатгадаг. Хэрэв жин нэмсэн бол өдөржин өлөн явж байгаад ч хамаагүй хасахыг хичээнэ. Харин хасагдсан байсан ч хангалттай санагдахгүй. “SheKnows” сэтгүүлийн хийсэн судалгаагаар фитнессээр хичээллэж байгаа болон гуалиг биетэй эмэгтэйн зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэхэд эмэгтэйчүүдийн 22 хувь нь атаархдаг бол 15 хувь нь биедээ анхаарал тавихгүй байгаадаа өөрийгөө буруутгадаг гэж хариулжээ. Судалгаанд оролцсон нийт эмэгтэйчүүдийн 76 хувь нь жингээ хасахыг хүсдэг гэсэн байна. Эргэн тойрны хүмүүсийн санамсаргүй хэлсэн үгс бүсгүйчүүдийг толины өмнө өөрийн биеэ өөлж гоочлоход хүргэдэг аж.  Жишээ нь, “чи ойрд ямар их таргалаад байна аа”, “наад цамц чинь чамайг бүдүүн харагдуулаад байгаа юм биш үү”, “чи энэ дэглэмийг туршиж үзээрэй” үнэхээр үр дүнтэй юм байна лээ” зэрэг энгийн л санаа тавьсан мэт сонсогдох эдгээр өгүүлбэрүүд эмэгтэйчүүдэд дарамт болдог. Иймээс тэд өөрийн биеэ өндөгний, байцайны, уурагийн дэглэмийн туршилтад оруулж эхэлдэг.
Иргэн Х.А 25 настай
Миний хамгийн том айдас бол таргалах. Турахын тулд юуг ч туршихад бэлэн байдаг. Олон ч дэглэм барьж үзсэн. Сүүлд гэхэд л кето дэглэмийг мацагтай хослуулсан. Өдрийг жингээ үзэж эхлүүлдэг. Тэгээд ус ууж, өдөржин зөвхөн уураглаг хүнсээр хооллоод 16 цагаас  хойш огт юм иддэггүй. Хоолоо хэт хязгаарлаж байгаа болохоор дэглэм барих үед маш их өлсдөг, бас сульддаг. . Өөрийгөө анзаараад байхад дэглэм барьж байх үедээ их бухимдуу болчихдог юм байна лээ. Хумсаа мэрж, үсээ зулгаагаад дотроо өөрийгөө “чи бүдүүн байна, турах ёстой” гэж харааж, зүхэж эхэлдэг. Хүссэн жиндээ хүртлээ дэглэмээ үргэлжлүүлдэг. Энэ хугацаанд их хэмжээгээр хяналтгүй идэх тохиолдол гарна, тэвчээр алдарна. Харамсалтай нь үүний дараа үхтлээ бөөлжинө, туулгах эм ууна, өөрийгөө хараана. Тэгээд дахиад л дэглэмдээ ордог. Тэгсээр байгаад миний ходоод одоо маш их өвддөг болсон. Сүүлд би 15 кг хаясан. Гэсэн ч гэдэс маш их өвдөж, хатгуулж байсан болохоор эмнэлэгт хандсан юм. Гэтэл эмч ходоодны шархтай байна удаан явсан бол маш том асуудал болох байж гэж хэлсэн. Тэгсэн ч би одоо хүртэл турах хүслээ хязгаарлаж чадахгүй байгаа.
Төгс байх зовлонУлаанбаатар Сонгдо эмнэлгийн хоол зүйч Б.Буд-Ирээдүй
Кето дэглэм нь давуу талаас илүү сул тал ихтэй. Энэ дэглэмийг ашиглан хэдхэн хоногийн дотор жин хасах боломжтой нь үнэн. Гэхдээ эрүүл мэндэд аюултай. Дэглэмийн үеэр дотор муухайрах, өтгөн хатах, бөөлжих, бөөрний чулуу үүсэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Энэхүү дэглэмийг архаг хууч өвчтэй, бөөр болон зүрх судасны асуудалтай хүмүүс барьж болохгүй. Эмэгтэйчүүд өөрийн бие организмд таарсан дэглэмийг хэрхэн барихаа мэддэггүй. Хүмүүсийн ярианаас үндэслээд зохих үгүйг нь мэдэхгүй байж бие дээрээ шууд туршаад эхэлдэг. Гэтэл дэглэм бүр хүний биед өөрөөр нөлөөлдөг. Тийм болохоор яг адилхан дэглэм бариад байгаа мөртлөө зарим нь хүссэн үр дүндээ хүрч, зарим нь огт турахгүй байх тохиолдол бий. Ер нь жингээ хасахын тулд хоолны дэглэм барихаас илүүтэй өдөр тутамдаа зөв хооллох нь юунаас ч илүү чухал.
Янз бүрийн дэглэмийн жорыг фэйсбүүк дээрээс харж түүнийгээ амьдралын хэвшил болтлоо хэрэгжүүлэх нь эрүүл мэндэд маш эрсдэлтэй байдаг. Тухайлбал, дэглэм барих нь турахад тусалдаггүй бөгөөд харин ч идэх дуршлыг улам бүр нэмэгдүүлдэг тухай идэх эмгэгтэй хүмүүсийн  “Carnier et al” 2008 оны судалгаанд дурджээ. Учир нь дэглэм барьснаар хүний биед хэрэгцээтэй илчлэгийн хэмжээ багасаж, грелин даавар ихээр ялгарч өлсөх мэдрэмж илүү төрдөг байна. Өлссөн хүн хэтрүүлэн идэх гээд байдаг талтай.
Төгс байх зовлонСпортын хоол зүйч С.Хулангаа
Эрүүл хооллолт гэдэг нь хоолоо хэт сойх, хоолны дэглэм, мацаг барих гэсэн үг биш. Харин эрүүл хүнсийг зөв зохистой зөв цагт идэх тухай ойлголт. Өнөөдөр туранхай байхаас илүү эрүүл байх нь чухал. Туранхай хүмүүс ходоодны шарх, цөсний чулуутай байх нь элбэг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний ашиг тусыг зөв танин мэдэж, сонгох хэрэгтэй. Мөн өглөөний цайгаа тогтмол ууж хэвших шаардлагатай. Нэг доор ихээр идэх, өлөн ходоодон дээрээ хэт хүнд хооллох нь өвчин үүсэх суурь болдог. Иймд хоолоо бага багаар ойрхон идэж, өдөрт нэг удаа шим тэжээлээр баялаг шөл уух нь эрүүл мэндэд маш тустай. Өөрийн нас хүйст тохирсон илчлэгээ бүрэн авч, шаардлагатай дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших нь эрүүл байх үндэс. Хоолоо хэт сойлгүйгээр өөрийн биед ашигтай хүнсээр эд эсээ хооллож байх нь хамгаас чухал.
Төгс байх төгсгөл
Гоо сайханд золиос хэрэгтэй гэдэг үг байдаг. Тэр золиос хэрэв амь нас, эрүүл мэндээр хэмжигдвэл хүүхэн бүр хөөрхөн харагдах хүсэлд хөтлөгдөх хэрэг байна уу. Дээр дурдсанаар өөрийгөө өөлж, сайхан болох хүсэлдээ хөтлөгдсөн бүсгүйчүүд мэс заслын ширээнээс гоо сайхныг хайх нь элбэгшжээ.
Тохиолдол 1
2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Тэрээр хагалгааны үеэр зүрх нь зогсож, биеийн байдал нь хүндэрч нэгдүгээр эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдсэн юм. Гэвч эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн ч амьсгал хураасан харамсалтай  хэрэг гарч байв.
Төгс байх зовлонЭмнэлгийн мэс засал, арьс гоо заслын их эмч Х.Ану-Үжин
Орчин үед нүүрэндээ ботокс, филлер шахуулаагүй, давхраа хийлгэж, хамраа өндөрлөөгүй хүн ховор болжээ. Манай улсад мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай гоо сайхны мэс заслын эмч нар цөөхөн. Хэрэв гоо сайхны мэс ажилбар хийлгэхийг хүсвэл хамгийн түрүүнд зөв газраа сонгож үйлчлүүлэх ёстой. Эхлээд тухайн газрынхаа үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг судалж үзэх хэрэгтэй. Үүний дараа сонголтоо хийх ёстой.
Тохиолдол 2
Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй байгууллагынхаа шинэ жилд бэлдэж, дөрвөн хоног мацаг барьсаны улмаас нас барсан хэрэг 2019 оны арванхоёрдугаар сард гарч олныг цочирдуулсан. Талийгаач эмэгтэй бөөрний дутагдалтай байсан бөгөөд дөрвөн хоног уснаас өөр зүйл хоолойгоороо давуулаагүй нь амиа алдах шалтгаан болсныг албаны хүмүүс тайлбарлаж байв.
Энэ мэт гол зурам харамсалтай хэргүүд гардаг. Бас хажуугаар нь эмэгтэй хүний хөөрхөн, туранхай байх хүсэл дээр бизнес эрхлэгчид тоглолт хийж янз бүрийн тураах бүтээгдэхүүн борлуулдаг. Тураах эм, кофе, цай, наалт гээд хоолны дуршил бууруулж тураадаг гэх тодотголтой олон бүтээгдэхүүн эмэгтэйчүүдийг эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироож буй. Зарим тураах бүтээгдэхүүн чанарын шаардлага хангадаггүй бөгөөд албан ёсоор манай улсад орж ирдэггүй гэдгийг албаныхан анхааруулдаг. Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 онд БНХАУ болон Германд үйлдвэрлэсэн тураах бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн. Тус улсад үйлдвэрлэсэн энэ төрлийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд байдаггүй аж. Түүнчлэн тураах бүтээгдэхүүнтэй холбоотой залилан цөөнгүй бүртгэгддэг гэдгийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн хэлсэн юм. Зах зээл дээр борлуулагдаж буй тураах бүтээгдэхүүний үнэ олон янз байгаа бөгөөд дунджаар тураах кофены үнэ 30 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин наалт 60-130 мянган төгрөг, цай болон бэлдмэлүүд 100-150 мянган төгрөгийн ханштай байна.
Эмгэгтэй охид
Би 16 настай байхдаа өөрийгөө анорекия буюу хэт турах эмгэгтэй гэдгээ олж мэдсэн. Хэрэв хоолны дэглэмийн тухай анх удаа интернэтээс хайх үед хэн нэгэн миний дэргэд байж “Чи өөрөөрөө байхдаа хамгийн үзэсгэлэнтэй” гэж хэлсэн бол энэ бүхэн эхлэхгүй байж болох л байсан.  
Идэх эмгэгтэй охины тэмдэглэл
Дээрх тэмдэглэлийг бичсэн охин жилийн дотор 25 кг турсан. Тэр одоо ч хэт турах эмгэгтэйгээ тэмцэж буй.
“National Eating Disorders Association” байгууллагаас хийсэн судалгаагаар бага сургуулийн охидын 40-60 хувь нь жин нэмэхээс айдаг гэнэ. Мөн илүүдэл жинтэй охидын 40 хувь хөвгүүдийн 37 хувь нь гэр бүлийн гишүүд эсвэл үе тэнгийнхнээсээ харагдах байдлынхаа талаар сөрөг шүүмж сонссон байдаг аж. Энэ нь тэдний жин нэмэх, хэтрүүлэн идэх болон жингээ хянах хатуу арга хэмжээ авах магадлалыг ихэсгэдэг байна. Манай улсад өсвөр насны охидын идэх эмгэгтэй холбоотой нарийн судалгаа байдаггүй. Харин оношилгоо эмчилгээг СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникт эмчилдэг аж. Өсвөр насны охид идэх эмгэгт өртөх нь өндөр байдаг бөгөөд тус эмгэгтэй болсноор хооллох дуршил өөрчлөгдөж өөрийгөө хянах боломжгүй болдог аж.
Хооллох дур өөрчлөгдөх буюу булимия эмгэг гэдэг нь:
Өөрийгөө хянаж чадахгүй замбараагүй ихээр идэх
Ой гутсандаа идсэнээ эрүүл бус аргаар гадагшлуулах (Бөөлжих,туулгах эм хэрэглэх)
Өөрийн үнэлэмжээ биеийн галбир болон жингээрээ тодорхойлох хүчин зүйлсээр илэрдэг.
Эх сурвалж: Идэх эмгэг ба сэтгэл зүйн зөвлөгөө
Нэгэнт манайд энэ талаар хийгдсэн судалгаа, бодит баримт байхгүй учраас эцэг эх нь охидынхоо хооллох зуршилд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Мөн багаас нь жингээ хас, нэм гэх зэргээр тэдний үнэлэмжид сөргөөр нөлөөлөх үгсийг санамсаргүй хэлэхээс ч болгоомжлох ёстой юм. Ам алдвал барьж болдоггүй гэдэг дээ. Хэн нэгний хэнэггүйхэн хэлсэн үг охидын ирээдүйд яаж ч нөлөөлж болно гэдгийг бүгд дор бүрнээ бодох ёстой. Хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй, чи ч мөн адил гэдгийг ойлгуулж, өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөртөө хатуу хандахгүй байхад сургах учиртай. Бүх эмэгтэйчүүд яг нэг удаа төгс нэгэн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг өөрөөсөө асуугаад үзээсэй. Энэ ойлголт хийсвэр бөгөөд хэн ч төгс байх боломжгүй, бас албагүй гэдгийг ойлгоод өөрийнхөөрөө л амьдраасай.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn