Ц.Өлзийжаргал: Залуучуудын хандлагыг өөрчилж, “хамтдаа” гэсэн сэтгэлгээтэй болгох л хамгийн чухал байна

453



Сүхбаатар /МОНЦАМЭ/.100 жилийн түүхтэй МЗХ-ны Сүхбаатар аймаг дахь салбарын үйл ажиллагаа, цаашдын ажлын төлөвлөгөө, зорилгын талаар холбооны тэргүүн Ц.Өлзийжаргалтай ярилцлаа. Сүхбаатар аймагт залуучуудын холбооны ажил хэсэг зогссон. Харин саяхнаас шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эрчимжүүлж эхлээд буй юм.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Залуучуудын холбооны даргаар сонгогдоод удаагүй байгаа. Энэ байгууллагын үндсэн үйл ажиллагаа юу вэ, та яг тэр зарчмаар нь ажиллаж чадаж байна уу?

-Баярлалаа. Монголын залуучуудын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар залуучуудын холбоо нь 1920 оноос хойш үе үеийн дарга нараар удирдуулж, түүхэн цаг үедээ ажиллаж үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн байдаг.Миний хувьд энэ том байгууллагыг авч явна гэдэг ихээхэн нэр хүндийн асуудал юм. Энэ байгууллагын нэр хүндийг өсгөх бэхжүүлэх тал дээр түлхүү ажиллах бодолтой явдаг. Тийм ч учраас миний бүрдүүлсэн багийн залуучууд салбар салбартаа нэр хүндтэй, өөрийн амьдрал ахуй нь тогтсон чадварлаг залуус байгаа.

-Өнгөрсөн жилүүдэд залуучуудын байгууллагыг унтаа байсан гэж олон хүн дүгнэдэг. Мэдээж та ч үүнтэй санал нийлэх байх. Тэгэхээр одоо та болон танай баг хамт олон сэрээх нь зөв үү?

-Одоо ч хүртэл наад яриа чинь явдаг шүү дээ. Манай багийг ч гэсэн ажиллахгүй гэх шүүмжлэл гардаг. Мэдээж бид чадлынхаа хирээр тасралтгүй бага сага ажил хийж л байна. Ер нь төрийн бус байгууллагын ажил хийнэ гэдэг чинь завтай, мөнгөтэй, зайтай хүний хийдэг ажил юм байна. Манай төрийн бус байгууллага чинь орон байргүй, төсөвгүй ч байхгүй.  Яг нарийн яривал Өлзийжаргал гэдэг хүний толгой дээр Залуучуудын холбоо гэдэг үгийг наачихсан ийм л процесс. Гэхдээ бид залуу хүмүүс, шантрахгүй харин ч ажиллах ёстой. Тийм ч учраас анхнаасаа багаа бүрдүүлэхдээ салбар салбараас оруулсан. Гол нь энэ байгууллагын нэрийг  нуруун дээрээ үүрж  яваа хүний хувьд залуучуудын итгэлийг алдахгүй сэтгэлийг сэвтээхгүй л гэж хичээж явна.

-Одоо яг ямар бүтэцтэйгээр ажиллаж байна вэ?

-Тэргүүн, болон 22 тэргүүлэгчтэйгээр ажиллаж байна. Тэргүүлэгчид маань салбар салбарын төлөөллүүд байгаа гэдгийг дахин онцолмоор байна.


-Танай шинэ баг хамт олны хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, түүний үр дүн?

-Манай баг 2019 оны 09 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн. Тухайн онд хийсэн томоохон ажил гэвэл залуучуудын дунд илтгэлийн уралдаан, бизнес эрхлэгч залуучуудын сургалтыг Улаанбаатар хотоос мэргэжилтэн урьж зохион байгууллаа. Гурван удаагийн зангиагүй уулзалтыг хийсэн, удахгүй дараагийн уулзалтыг төлөвлөж байна. МөнNEXT STEPшинэ жилийн үйл ажиллагааг дахин сэргээж зохион байгуулсан нь залуучуудыг сэргээсэн, урам зориг хайрласан маш том ажил болж чадсан. Шинээр байгуулагдснаасаа хойш том, жижиг нийлсэн 20-оод төрлийн ажлыг хийжээ.

-Сүхбаатар аймгийн залуучууд нэгдэх л хамгийн чухал. Нэгдүүлэх нь ч та бүхний үүрэг байж болох юм. Энэ тал дээр залуусын хандлага ямар байна?

-Өнөөдрийн залуусын хандлага ерөөсөө л бэлэнчлэх, бэлэн хардаг болсон. Ялангуяа манай аймгийн залуучуудад энэ муу хандлага их ажиглагдаж байна. Мэдээж идэвхтэй дайчин залуус байгаа. Бидний бас нэг томоохон зорилго бол таны хэлж байгаа санаа л даа. Нам улс төр, нийгэм, удам угсаа гэлтгүй залуучуудыг нэг үзэл бодолтой болгож, амьдарч байгаа нутаг усаа хамтдаа хөгжүүлэх нийгмийн идэвх санаачилгатай болгох. Үүн рүү чиглэсэн ажлыг ч хийж  эхэлсэн.

-Ер нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын давуу болоод сул талыг та юу гэж харж байна?

-Бид нэг үеэ бодвол маш сайхан орчинд ажиллаж, амьдарч байна. Орон нутаг маань жилээс жилд хөгжиж, залуус бидэнд олон боломжийг нээж өгч байна. Үүнийг л эерэгээр ашиглах ёстой. Энэ бол том давуу тал. Харин сул талын тухайд манай залуучууд нийгмийн идэвх маш муу. Залуучууд маань маш их намчирхдаг болсон нь хамгийн том сул тал болоод байна. Хэн нэгэн залуу ямар нэгэн ажил хийвэл ерөөсөө хөндлөнгийн байдлаар ажиглах хянах өнцгөөр бид бие биенийгээ анзаараад хараад байна. Би, чи, бид энэ нийгэмд нэг л удаа амьдарна. Амьдрахдаа утга учиртай, алдах онох юмтай нийгмийн идэвхтэй байж, нийгэмдээ манлайлал үлгэр дуурайлал болж амьдрах нь л залуучууд бидний зорилго бас үүрэг гэж хардаг.


-Тэгвэл тэдэнд давуу талаа ашиглаад илүү сайн сайхан байх боломжийг нь  хэрхэн мэдрүүлэх бас чиглүүлэх ёстой вэ?

-Сүхбаатар аймагт нэг үеэ бодвол залуучуудад зориулсан үзвэр үйлчилгээ их боллоо. Тухайлбал стандартын фитнес, усан бассейн,кофе шоп, амралт зугаалгын хүрээлэн гээд залууст хэрэгтэй бүхий л зүйл манайд байна. Гол нь ерөөсөө залуучууд бид бүгдээрээ зөв үзэл бодол, зөв сэтгэлтэй байгаад бие биенээ дэмждэг, урмын үг хайрладаг нэгнээ идэвхжүүлдэг ийм л мундаг залуучууд байх хэрэгтэй. Ингэж байж хамтдаа хөгжинө. Уг нь хүн бүр үүнийг чадна. Гол нь хандлага л дутаад байна. Бид залуучуудын оролцоог хангах идэвжхүүлэх нөлөөллийн ажил хийж байна. Бид холбооныхоо 100 жилийн ойг угтаж хэд хэдэн ажил төлөвлөсөн. Хэдхэн хоногийн өмнөаймгийнхаа анхны 108 гишүүнээ бүртгэн "АНДЫН ГЭРЭГЭ", энгэрийн тэмдэг гардуулах ажлыг зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж, эдгээр залуусыгМЗХ-ндалбан ёсны гишүүнээр бүртгэж, батламжиллаа.Сүхбаатар аймгийнхэмжээнд 25 мянга гаруйзалуубий. Тэднийг бүгдийг ньгишүүнчлэлээ баталгаажуулж, эрхээ идэвхжүүлээсэй хэмээн уриалж байна.

-Залуус бол тухайн улс, орон нутгийн ирээдүйг тодорхойлогчид шүү дээ. Энэ утгаараа танай байгууллагад орон нутгийн зүгээс дэмжлэг хэр байдаг вэ?

-Төр захиргааны байгууллага тодорхой хэмжээгээр дэмжиж байна. 2020 оныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Мөн 2020 оны ИТХ-ын төсөвт 20 сая төгрөгийг залуучуудын байгууллагад төсөвлөсөн нь төрийн зүгээс дэмжиж байгаа нэг илрэл гэж хэлмээр байна. Гэсэн хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бидний ажлын төлөвлөгөө батлагдаагүй, мөнгө нь ч захиран зарцуулагдаагүй байгаа. Залуучуудын хөгжлийн тухай хууль батлагдаж, бид харьяалагдах салбартай болсон нь энэ цаг үеийн хамгийн том ололт. Орон нутагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах болно. 

-Ярилцсанд баярлалаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn