Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн 214 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

35

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Төрийн тэргүүнийг Нутгийн удирдлагын ордонд хүрэлцэн ирэхэд Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар угтаж, Д.Сүхбаатарын талбайд хүндэт харуул жагсав. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн аж байдалтай танилцлаа.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр ажилласан юм.
Сайншанд-Баруун-Урт чиглэлд нийтдээ 334 км урттай төмөр зам баригдахаас Сайншанд-Алтанширээ чиглэлийн 17 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэж, өнгөрсөн онд дуусгасан.
Улмаар Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317.4 км төмөр замын бүтээн байгуулалт нь Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрээс Баруун-Урт чиглэлд хэрэгжих төсөл юм. Бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, судалгааны ажлуудыг энэ сарын сүүлээр дуусгаж, газар шорооны ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр ажиллах үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх нар байлцав.

ХОСОЛСОН ХЭЛБЭРИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар хагаст бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Улмаар 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг танхимын болон цахим сургалтын хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.
Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ талаар сургуулийн удирдлага, багш, сурагчидтай ярилцаж, санал, бодлыг нь сонслоо.
 
Сургалтыг цахим хэлбэрээр явуулах нь танхимын сургалтаас эрс өөр бөгөөд сургалтын зарим агуулга орхигдох, алслагдмал бүсэд амьдардаг, гэртээ интернэт, компьютергүй сурагчид хичээлээс хоцрогдох, улмаар сурагчийн үнэлгээг хийхэд хүндрэл гарах зэрэг бэрхшээлүүд тохиолдож байсан талаар сургуулийн удирдлага хэлж байна.
2013 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд 41 бүлгийн 1,360 гаруй сурагч, 92 багш, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

СҮХБААТАР АЙМГИЙН 214 ЭЭЖИД “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Сүхбаатар аймаг 62 мянган хүнтэй бөгөөд тус аймгаас энэ жил 214 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор энэ жил “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нар байгаа юм.
 
 
 
 
 
 
 
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Улмаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сүхбаатар аймаг дахь томилолт үргэлжилж байна.
 Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn