ХАҮТ-ын дарга Б.Мөнхбат нийт бизнес эрхлэгчиддээ мэндчилгээ дэвшүүллээ

389

Сүхбаатар /МОНЦАМЭ/.ХАҮТ-ын дарга Б.Мөнхбат нийт бизнес эрхлэгчиддээ мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр,Сүхбаатар аймгийн ХАҮТ-ын үе үеийн удирдлага, ажилтнууд, гишүүд дэмжигчид болон нийт бизнес эрхлэгчиддээ МҮХАҮТ-ын 60 жил, Сүхбаатар аймагт салбар танхим байгуулагдсаны түүхт 10 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье.

Орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ачааг үүрэлцэж, бас хуваалцдаг хүмүүс бол бизнесийн салбарынхан. Тэдний ажил үйлс, хичээл зүтгэлийн тоогоор тухайн орон нутгийн өнгө үзэмж илэрхийлэгддэг нь бодит үнэн. Гэвч бизнес эрхлэгчид үүнийхээ төлөө хэзээ ч төрөөс хөрөнгө мөнгө харж, бас нэхэж байсангүй. Мэдээж тодорхой хэмжээнд төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажилладаг, үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо бид үүнийгээ илүү сайжруулж бодлогын түвшинд хамтрах цаг болжээ.

Орон нутагт өрхийн болоод ЖДҮ жилээс жилд хөгжиж, Сүхбаатарчууд үйлдвэрлэж чаддаг гэдгийг харуулж байна. Харин үүнийг бид одоо дотооддоо бус гадаадын зах зээл дээр гаргах ёстой. Бидэнд ийм боломж нь ч бий. Бичигт олон улсын боомт тун удахгүй авто болон төмөр замаар холбогдох гэж байна. Харин үүнээс өмнө үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнээ илүү сайжруулж, гадаадын зах зээлд гаргахад бэлэн болгосон байх ёстой. Нөгөө талаар цаашид орон нутгийн үйлдвэрлэгчдийн дархлааг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ нь Улаанбаатар хот болон өөр аймгаас манай зах зээлд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг цөөлж, өөрсдийн дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү худалдаалдаг болно гэсэн үг юм. Ингэж байж үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид маань илүү хөгжиж, тэр хирээр ашиг орлогоо нэмэгдүүлэх учиртай.

МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбарын даргаар ажиллаад нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд гишүүнчлэлийн эгнээг өргөтгөх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бидний бодож төлөвлөсөн олон ажил цуцлагдсан. Гэвч бид бас зүгээр суусангүй. Энэ үеэр хийсэн хамгийн том ажил бол “Зүүн бүс дэх эдийн засгийн хүртээмжийн судалгаа”-г амжилттай хийж, үүгээрээ цаашид Сүхбаатар аймаг яг ямар төрлийн бизнес илүү хөгжих боломжтой вэ гэдгийг тодорхойллоо. Ингэхээр цаашид хийх ёстой ажил маш тодорхой болж байна гэсэн үг. Энэ бүгдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бид төртэйгөө ойр байж, хамтрах шаардлагатай. Биднийг сайн сайхан ирээдүй хүлээж байна. Хамтдаа хичээцгээе гээд COVID-19 цар тахлаас үүдэн улс даяар ойн баяруудыг цомхон тэмдэглэн өнгөрүүлж байгааг тодотголоо. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn